
Асгараад алганд ус тогтохгүй нь ээ
Алтан элс хуруун завсраар урсахнээ
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартахнээ
Аярхан холдсоор он жилүүд урснаа......
Энэ зунжингаа хайсан дуу. Яагаад хайх болсноо бодоод байсан чинь миний юм бичдэг нэг спорт форумын гишүүн энэ 4 мөртийг гарын үсгээ болгочихсон , уншаад их гоё санагдаж билээ надад.Сая л нэг юм олдлоо. ''Бороотой зуны dursamj'' гэдэг дуу байж. Бага байхад ах эгч хоёр (аавын хамгийн бага 2 дүү. Та хэд мэднэ дээ) хөгжмөө булаацалдаад л баахан юм болоод л. Эгч орост байж байгаад ирсэн ихэвчлэн барууны , ах хэдэн монгол boy band-уудаа сонсдог. Тэр дундаас ахын хамгийн дуртай нь фрийзон. Сүүлд 10-аа онц төгссөн гээд ахад аав кассэйт плэйр авч өгч нэг нар нь гарч билээ. Эмээгийнх хайлаастад , ах 1 юм уу 2-р курс л байсан байх . Ах оройд хоолоо идчихээд юм л бол урд уул руу ганцаараа яваад алга болчихдог байлаа. Нэг удаа би араас нь дагасан юм. Тэгсэн харин мань хүн тамхи татчихсан , олигтой ч татаж чадахгүй ханиалгаад сууж байна. Бас болоогүй чихэвчээ зүүчихсэн. Араас нь гэтэж очиж цочоогоод гэрийнхэнд ховолно ухааны юм би бодчихсон. Харин ойртоод очсон мань хүн уйлчихсан сууж байна. Бодвол найз охиндоо хаягдаа биз. Тэгэхэд л энэ дууг анх сонсч билээ. Нэг дууны тухай ярих гэсэн биш ёстой хаа хамаагүй хадуурчихлаа.
Бага байхад би энэ фрийзоныг нэг их ойшоодоггүй, камертон номин талст энэ тэрийг нь л хальт мулт сонсдог байв. Тэгсэн өнгөрсөн жилээс юм уу даа хуучин монгол дуунууд гэнэт сонсмоор санагдаад. Тэгээд сонсоод байсан энэ фрийзоны дуунууд их гоё үгтэй. Арга ч үгүй биз. Дууных нь шүлэгнүүдийг ихэвчлэн Гүрбазар бичиж өгсөн юм байна. Харин энэ дуу л хамгийн гоё үгтэй нь. Ц.Хулан бичсэн гэж байгаа. Эмэгтэй хүн цаанаа л нэг өөр гоё , гэхдээ зэвүүн бичсэн байгаа юм шүү.
Сая монголд байхдаа хэдэн сайхан ном авдаг байжээ. Монгол зохиолчдынхоо номнуудаас уншилгүй асар удсан байна шүү. Тэр тусмаа яруу найргийн ном. Сүүлд уншсан хэдэн номоо нэрлээд үзсэн чинь дандаа л танд хэрэг болох зөвлөмж, амжилтанд хүрэх арга замууд , мөрдөх мөрдөмж эсвэл элдэв балай швед английн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хэдэн хэрэггүй хуудаснуудыг гүйлгэж харсан байх жишээтэй. Ном гэж. Анх үсэг сурч байхдаа уншсан НҮБ-н хүний хөгжлийн илтгэл 97, 1-р ангийн зуны даалгаварт уншсан МНТ, Ш.Ванчаарайн ''Нарны сургууль'', 9-р ангидаа шалдан Амур бацаанаас хэзээ ч мартагдахгүй шанаа авчихаад амтанд нь ороод уншиж байсан Шүүдэрцэцэгийн хайрын номнууд л миний уншлагийн бүх цаг үеийн монгол шилдэг нь юм даа хэхэ.
Ном гэснээс би 4 байна уу 5 ангид байхдаа ёстой номын цагаан солио туссан шүү. Зуныхаа амралтаар хамгийн том ахын номын сан дахь бүх номыг уншиж дуусгана гэж сүртэй зорилт тавиад л. Сүүлдээ шөнө болгон өдөр уншсан номоо зүүдэндээ ярьж эмээг айлгаад миний ном уншихыг түр хугацаанд хориглож билээ.
Ингээд багынхаа дурсамжуудаас бичээд байвал зүгээр ч юм уу. Сүүлд нь энэ чинь өөрөө давхар дурсамж болж үлдэнэ шүү дээ.
Энэ текстийн гол зүйл дууны клипийг оруулчихая гэсэн чинь энэ блог дээр видео тавихын тулд заавал РС-нээсээ аплоад хийдэг юм байна хог гэж. Сонсох линкийг нь тавилаа та нар үзэцгээгээрэй.
http://www.youtube.com/watch?v=gayBDyTol8E
Асгараад алганд ус тогтохгүй нь ээ
Алтан элс хуруун завсраар урсахнээ
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартахнээ
Аярхан холдсоор он жилүүд урснаа
Урдаас инээж байдаг чиний дүр бүдгэрч
Уруулын чинь хээ миний хувцаснаас арчигднаа
Цээжин дэх чиний үнэрийг салхи хийсгэж
Цэцэг цэцгийн дээр шүүдэр болон тогтоно оо
Дx: Яаж би чамайг хайрлалаа
Ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу (хайрт минь)
Шалба норсоор бороонд хөтлөлцөн гүйхэд
Шаахайн товшилт минь хаана чинь үлдсэн бэ
Хамтдаа явсан өдрүүдийн уянгалаг дуу
Хаанахын шувуудын ганганааг шингээвээ
Норсон үсийг минь илбэн байж үнссэн
Нойтон уруул чинь хэрэв тэр дууг мартсан бол
Тасралтүй борооны ширхэг хэлхэн
Таталган бичсэнээ цонхон дээрээс уншина уу
Дx: Яаж би чамайг хайрлалаа
Ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу (хайрт минь x 3)
Яаж би чамайг хайрлалаа
Ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байв уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу
Ёоо энэ үгийг нь хайгаад олддоггүй. Өөрөө шууд сонсож байгаад бичлээ шүү. Буруу зөрүү юм байж магад. Та нар сонсоод тэгээд шалгаарай за. Хэрвээ энэ дууг мэдэхгүй, эсвэл мартаад санахгүй ч байж магад. Тэгвэл зүгээр л сонсоод үз. Ая явж эхлэхэд л өө энэ нөгөө дуу байна ш дээ гээд л өөрийн эрхгүй бодогдоно доо.
Яая энэ нэг жоохон юмыг бичих гээд компютэрийн ард сууснаас хойш аль хэдийн 3 гаран цаг өнгөрчихсөн байна. Дуугаа ч сонсоод , юм ч бодоод , юм аа ч аятайхан бичих гэж хичээгээд цаг ямар хурдан өнгөрчихөв өө. Заза дараа уулзатлаа түр баяртайцгаа.
Бодоод байсан би бороотой дуу их сонсдог юм байна. Гарьд чи санаж байна уу. Миний Ipod-д байсан монгол дуунууд гэсэн чинь Татар-Бороо, МонТаРэп- Бороо, MR Dogs-Бороо, Guys666-Бороо гээд л намайг шоолоод байсан. Тэгсэн чинь энд намайг ирснээс хойш бороогүй өдөр 1 л байж, нарны барааг найз нь харсангүй ээ. Ямар ч гунигын юм бэ дээ. Яамаар ч юм бэ.
No comments:
Post a Comment